Бидний тухай

"Соёл урлагийн залуу манлайлагч" хөтөлбөр

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Монголын соёл урлагийн тогтвортой хөгжлийг хангах, соёлын хосгүй өвийг хадгалан хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 2002 онд байгуулагдсан ТББ билээ.

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-ийн АНУ дахь Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран хэрэгжүүлдэг томоохон төслийн нэг бол “Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөр юм. Тус хөтөлбөр нь соёл урлагийн салбарын залуу манлайлагчдын чадавхийг дээшлүүлэх, тэдний хамтын ажиллагааг дэмжих замаар соёл урлагийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой есөн сарын тэтгэлэгт сургалтын хөтөлбөр юм.

МУЗ нь 2008 оноос хойш 15 жилийн хугацаанд нийт 320 гаруй залуусыг уг хөтөлбөрт хамруулан, соёл урлагийн салбарт манлайлагчдыг төрүүлсээр байна.

Хөтөлбөрт оролцогчид нь манлайлал, урлагийн менежмент, маркетинг, стратеги төлөвлөлт, төсөл хэрхэн бичих вэ, сан бүрдүүлэлт зэрэг соёл урлагийн бодлогын талаарх өргөн хүрээтэй асуудлаар 20 гаруй төрлийн сургалтанд хамрагдан оролцохоос гадна хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, танилын хүрээг өргөтгөх “Happy Hour” цуврал танилцах уулзалт болон МУЗ-ийн олон нийтийн арга хэмжээнд оролцон туршлага хуримтлуулдаг.

Хөтөлбөрийн хүрээнд манлайлагчид хөтөлбөрөөс олж авсан мэдлэг, туршлагаа хуваалцан нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрах 3-4 бичил төслийг санаачлан хэрэгжүүлж, багаар ажилладаг.  

Мөн нийт төгсөгчдийн дунд хамтын ажиллагааг өргөжүүлэх, уран бүтээлчдийн бүтээн туурвих явцыг дэмжих зорилгоор 8 сая төгрөгийн санхүүжилт бүхий нийгэмд чиглэсэн төслийн уралдааныг жил бүр төгсөгчдийн дунд зарладаг. 

Цаашид тус хөтөлбөр Монголын нийгэм, соёл урлагийн салбарт ажиллаж буй залуучуудыг дэмжих чиглэлээр тогтвортойгоор хэрэгжих бөгөөд жил бүрийн элсэлтээ 8-9-р сард авах болно.

МУЗ нь “Art Hub” цахим хуудсаар дамжуулан хөтөлбөрийн нийт төгсөгчид, оролцогчдыг олон нийтэд танилцуулах, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх гүүр, олон улсад гарах гарц болж буйд баяртай байна.

Иймд Монголын соёл урлагийн ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулах, салбартаа үр бүтээлтэй ажиллах хүсэл эрмэлзэлтэй залуу уран бүтээлч, менежер таныг “Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөрт нэгдэхийг урьж байна. Мөн Манлайлагчидтай танилцахыг урьж байна.   

АНУ дахь Монголын Урлагийн Зөвлөл

АНУ дахь МУЗ нь Монголын соёл урлагийг Хойт Америкт сурталчлах, дэмжих, сан бүрдүүлэх зорилгоор 2003 онд байгуулагдсан болно. МУЗ болон АНУ дахь МУЗ нь нийтлэг эрхэм зорилготой, тус тусдаа vйл ажиллагаа явуулдаг байгууллагууд юм. АНУ дахь МУЗ нь МУЗ-ийн тодорхой төсөл, хөтөлбөрт санхүүгийн дэмжлэг үзүүлдэг болно. Монголын соёл урлагийн салбарын хөгжилд оруулж буй томоохон төслийн нэг бол “Соёл урлагийн залуу манлайлагч хөтөлбөр” юм.

Двайт Жи

АНУ дахь МУЗ-ийн Ерөнхийлөгч

Монгол улсын цаашдын ирээдүйд энэ орны өвөрмөц соёл урлаг нь тун чухал үүрэгтэй. Монголчуудын бахархал болсон энэ уламжлал соёл нь хөгжиж буй нийгэм, эдийн засгийн өнөө үед монголчууд эх орондоо амьдарч, ажиллаж, бүтээн туурвих гол хүч нь болж байдаг. Монголын урлаг нь энэ оронд айлчилсан хэн боловч алгасаж орхиж болохгүй, дэлхийн урлагийн нэгэн чухал хэсэг, эрдэнэсийн сан юм. АНУ дахь МУЗ нь Монгол орны соёл урлагийг хөгжvvлэх, соёл урлагийн байгууллагуудыг чадавхийг бэхжүүлэх, дотоод гадаадад түгээн сурталчлахыг хүссэн америкчуудын дотно түнш юм. Үүний төлөө би өөрийн цаг завыг харамгvй зориулан ажилладаг. МУЗ-ийн үүсгэн байгуулагдснаас хойших бүхий л хугацаанд хийсэн бүтээсэн бүхэн нь аль ч ТББ-ын хувьд үлгэр жишээ, загвар болж чадна.

Уолтер Женкинс

МУЗ-ийн Дэд тэргүүн, Инклюсив Солюшнс Компаний Ерөнхийлөгч, Соёл урлагийн залуу манлайлагч хөтөлбөрийн санаачлагч, санхүүжүүлэгч

Миний хувьд Монголын соёл урлагийн хөгжил, хүүхэд залуучуудын боловсролд өөрийн хувь нэмрийг оруулах чин хүсэл эрмэлзэлтэй. Иймд тэртээ 15 жилийн өмнө “Соёл урлагийн залуу манлайлагч хөтөлбөр”-ийг эхлүүлсэн юм. 15 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байгаа энэ хөтөлбөрийг өнөөдөр харахад сэтгэл маань маш хангалуун байна. Өнгөрсөн хугацаанд хөтөлбөрөөр дамжуулан соёл урлагийн салбарт ажиллаж байгаа Монголын залуу уран бүтээлчид, мэргэжилтнүүд хамрагдаж олон чанартай бүтээл, амжилтыг гаргажээ. МУЗ-ийн хөтөлбөрт хамрагдаж байгаа олон залуучууд үнэхээр чадварлаг байж, өөрсдийн зорилго, карьераа тодорхойлон түүндээ хүрэх амжилттай алхмуудыг хийж, урагш тэмүүлж байгааг нь харах надад үнэхээр биширмээр, гайхамшигтай санагддаг.

 Бид хамтдаа урт замыг туулсан, цаашдаа ч бид амжилттай урагшилсаар байх болно.

АНУ дахь МУЗ-ийн хаяг

Arts Council of Mongolia, 2025 23rd Avenue East Seattle, WA 98112.

Вэб хуудас: www.artscouncilofmongolia-us.org

Соёл урлагийн залуу манлайлагч хөтөлбөрийн

Төгсөгчдийн хорооны гишүүд

“Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөрийн хороо нь МУЗ-ийн  “Соёл урлагийн залуу манлайлагч” төслийн үе үеийн төгсөгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёл урлагийн нийгэмд үзүүлэх ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилготой хороо юм. 

Хөтөлбөрийн хорооны гишүүд үе үеийн төгсөгчдийн гишүүдээс бүрдэнэ.

Scroll to Top